үндэсний статистикийн хороо
www.1212.mn | монгол | english

НОГООН ХӨГЖЛИЙН ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТ

Нэг. Ногоон хөгжлийн бодлогын талаар

Дэлхий нийтэд байгаль орчинд үзүүлэх хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөллийг бууруулах, байгалийн нөөцийг хамгаалах, ээлтэйгээр ашиглах, нөхөн сэргээх, хүрээлэн буй орчны бохирдол, доройтлыг асуудлууд хамгийн чухал болоод байна. Иймд улс орон бүр өөрийн үйлдвэрлэл, хэрэглээнийхээ хэв шинжийг өөрчилж, байгальд ээлтэй загварт шилжиж байна.

Үүнтэй уялдуулан НҮБ-аас 2013 онд ногоон хөгжлийн конвенцийг батлан гаргаж, улс орнууд санал нэгтэйгээр дэмжин нэгдсэн.

Дэлхийн нийтийн түвшинд гарсан томоохон санаачлагыг дэмжиж, тогтвортой хөгжилд хүрэх хамгийн чухал арга замын нэг нь ногоон хөгжил гэж 2014 онд Монгол Улсын Их Хурлаас “Ногоон хөгжлийн бодлого”-ыг баталж, хэрэгжүүлж байна.


Хоёр. Ногоон хөгжлийн үндсэн үзүүлэлт


Байгаль орчин, аялал жуулчлалын яам /БОАЖЯ/-наас 2016 онд “Ногоон хөгжлийн бодлого”-ын хэрэгжилтийг үнэлэх, ногоон хөгжлийг тодорхойлох үзүүлэлтийг тогтоох, баталгаажуулахад хамтран ажиллах албан хүсэлтийг ирүүлсний дагуу ҮСХ, БОАЖЯ гэрээ байгуулж, ажилласан.

Энэ хүрээнд ҮСХ-ноос НҮБ-ын Статистикийн хэлтэс /НҮБСХ/, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр /НҮББОХ/, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага /ЭЗХАХБ/-аас боловсруулсан ногоон хөгжлийн үзүүлэлт, Монгол Улсын ногоон хөгжлийн бодлоготой уялдуулсан ногоон хөгжлийг тодорхойлох 100 гаруй үзүүлэлтийн төслийг боловсруулж, Олон улсын болон дотоодын холбогдох байгууллагуудыг хамруулсан уулзалт,, хэлэлцүүлгүүдийг зохион байгуулсан. Уулзалт хэлэлцүүлгүүдээс гарсан саналд үндэслэн Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага (ДДНХБ)-тай хамтран ногоон хөгжлийг тодорхойлох нэн тэргүүнд тооцох 30 гаруй үзүүлэлтийг тогтоосон. Эдгээр 33 үзүүлэлтийг тооцох аргачлалын хамт ҮСХ-ны даргын 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/103 тоот тушаалаар батлан мөрдөгдөж байна. Нэн тэргүүний үзүүлэлтүүдийг тооцон гаргаснаар ногоон хөгжлийн үе шатыг үнэлэх, гарааны болон хүрэх түвшинг тодорхойлох явц, хэрэгжилтийг үнэлэх боломж бүрдэх юм.

Ногоон хөгжлийг үнэлэх нэн тэргүүнд тооцох 33 үндсэн үзүүлэлтийн 18 хувь буюу 6 нь нийгэм, 24,2 хувь буюу 8 нь эдийн засаг, 57,6 хувь буюу 19 нь байгаль орчны үзүүлэлт байна. Мөн үндсэн 33 үзүүлэлтийг гаргах бэлэн байдлыг нь үнэлж үзэхэд 29 үзүүлэлт буюу 87,9 хувь нь гарах боломжтой, 4 үзүүлэлт буюу 12,1 хувь гарах боломжгүй үзүүлэлт байна.

Нэн тэргүүнд тооцох үндсэн 33 үзүүлэлтээс гарах боломжтой 29 үзүүлэлтийг 2014-2016 оны байдлаар гаргалаа. Дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү